In Дүрэм журам

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах

газрын даргын 2017 оны …. дугаар сарын ….-ны

өдрийн …. тоот тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТЕХНИКИЙН  НӨХЦӨЛ

ОЛГОХ ЖУРАМ

 

 

20.. оны .. дугаар сарын ..                                                                    Улаанбаатар хот

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Иргэн, аж ахуй нэгжийн барилга байгууламжийг эх үүсвэрийн техникийн боломж, салбарын бодлоготой уялдуулан халаалтын зуухаар ажиллуулдаг хэсэгчилсэн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгоход энэхүү журмын зорилго оршино.

1.2 Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын харьяа халаалтын зуухаар ажиллуулдаг хэсэгчилсэн дулааны сүлжээнд иргэн, аж ахуй нэгжийн барилга байгууламж дулааны шугам хоолой, тоног төхөөрөмжийг холбох техникийн нөхцлийг олгоход энэхүү журмыг мөрдлөгө болгоно.

1.3   Техникийн нөхцөл олгох комиссын бүрэлдэхүүнийг  байгууллагын Даргын тушаалаар томилно.

Хоёр. Техникийн нөхцөл олгох үндэслэл

2.1      Техникийн нөхцлийг “Техникийн нөхцөл хүсэгч”-ийн хүсэлтийг үндэслэн түүний шинээр баригдах барилга байгууламжийг хэсэгчилсэн дулаан хангамжийн системд шинээр холбох, ачааллыг нэмэгдүүлэх, халаалтын зуухны горим ажиллагаанд нөлөөлөхүйц технологийн шинэчлэлт хийх тухай бүрийг үндэслэн “Техникийн нөхцөл олгогч”-ийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар шийдвэрлэж олгоно.

Гурав. Техникийн нөхцөл олгох

3.1      Техникийн нөхцөл олгох комисс  нь тухайн барилга байгууламжийн байршлыг газар дээр нь судалж,техникийн нөхцөл хүсэгчээс ирүүлсэн дулааны ачаалал, шугам сүлжээний хүчин чадал, инженерийн тооцоо судалгааг үндэслэн шийдвэрлэнэ.

3.2      “Техникийн нөхцөл хүсэгч” нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

3.2.1 Техникийн нөхцөл авах хүсэлт

3.2.2 Техникийн нөхцөл олгогчоос өгсөн тодруулах хуудас (хавсралт1᠎)

3.2.3 Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд Засаг даргын “Барилга байршилт тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох” тухай захирамж, шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ.

3.3      Дулааны эрчим хүчээр хангах холболтын техникийн нөхцөл олгох асуудлыг техникийн нөхцөл авах хүсэлт, тодруулах хуудсыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

3.4       Техникийн нөхцлийн хүчинтэй байх хугацааг тухайн байгууламжинд гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3 жилээр тогтооно.

3.5      “Техникийн нөхцөл хүсэгч”-ийн объект зураг төслийн явцад дулааны ачаалал нь анхны авсан техникийн нөхцөлд заасан хүчин чадлаас 20 хувиар нэмэгдсэн тохиолдолд техникийн нөхцлийг шинэчлэн гаргуулна.

3.6       Дулаан хангамжийн системийн эх үүсвэр, шугам сүлжээний дамжуулах хүчин чадал хүрэлцэхгүй тохиолдолд техникийн нөхцөл олгохоос татгалзана.

3.7       Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор байршилтай объектод техникийн нөхцөл олгохгүй.

3.8      Тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд Засаг даргын захирамжаар газар эзэмших гэрчилгээ олгоогүй газар, байршилд шинээр баригдах объектод техникийн нөхцөл олгохгүй.

3.9       Өвлийн их ачааллын үе 09 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хооронд халаалтын зуухнуудад  шинээр хэрэглэгч холбохгүй.

Дөрөв. Техникийн нөхцлийн агуулга

4.1       Техник ашиглалтын дүрэм, холбогдох бусад заавар журам, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын халаалтын зуухны техникийн шаардлагыг хангасан тоног төхөөрөмж сонгосон байхаар заана.

4.2      Техникийн нөхцөлд дараах шаардлагыг тусгасан байна. Үүнд:

4.2.1 Дулааны тооцоот дээд ачаалал

4.2.2 Холболт хийх цэг, тоног төхөөрөмж

4.2.3 Холболтын схем

4.2.4 Тоолуур, хэмжих хэрэгсэл

4.2.5 Объектын ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах шаардлага

4.2.6 Техникийн нөхцлийн хугацаа

4.2.7 Холбогдох тогтоол шийдвэрийн заалт

Тав. Бусад зүйл

5.1      Техникийн нөхцлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

5.1.1 Техникийн нөхцлийн хугацаа дууссан.

5.1.2 Техникийн нөхцөл авахын тулд эрчим хүчний ачаалал, хэрэглээний өгөгдлүүдээ зориуд буруу тодорхойлсон.

5.1.3 Холболт хийх цэгийн хүчин чадлаас хэтрүүлэн техникийн нөхцөл олгосон.

5.1.4 Техникийн нөхцлийн хүчинтэй байх хугацаанд хэсэгчилсэн дулаан сүлжээнд холбогдоогүй тохиолдолд.

5.2       Техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө сунгуулах тухай хүсэлтээ техникийн нөхцөл олгогчид гаргана.

5.3      Хугацаа дууссан техникийн нөхцлөөр төсөл боловсруулах, барилга байгууламж барихыг хориглоно.

5.4      Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох, хугацаа сунгах, шинэчлэх тухай комиссын шийдвэр гарсан тохиолдолд техникийн нөхцөл хүсэгч нь тогтоосон суурь хураамжийг байгууллагын дансанд тушаана.

5.5      Техникийн нөхцөлтэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТЕХНИКИЙН  НӨХЦӨЛ ОЛГОХ ТОДРУУЛАХ ХУУДАС ТАТАХ- 1–

Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt