In Дүрэм журам

Хамтын гэрээний санал асуулга                                                                                                                                                                                                                                                                ТӨСӨЛ

 

ХАМТЫН ГЭРЭЭ

    Дугаар….

2017 оны 12 дугаар сарын 01 өдөр                                                                  Улаанбаатар хот

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн үндэслэн Нэг талаас: Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Ажил олгогчийн төлөөлөл Нөгөө талаас:  Ажилтны төлөөлөлтэй харилцан тохирч дараах хэлцлийг 2017  оны 12 дугаар сарын 18 –ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Монгол Улсын хуулиудын холбогдох заалтуудыг дордуулахгүйгээр хоёр тал харилцан тохирч зөвшилцсөнөөр ажилтнуудын санхүү, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гэрээний үндсэн зорилго оршино.
  • Хоёр тал хамтын гэрээний заалтуудыг жилийн хугацаанд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж хэрэгжилт болон үр дүнг хамтран хэлэлцэнэ.
  • Хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
  • Хамтын гэрээ нь байгууллагын нийт ажилтан ажиллагсдад хамаарна.

ХОЁР. ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР, АЖИЛ ЭРХЛЭЛТ

2.1. Захиргаа нь ажлын байр орон тоог олноор цөөрүүлэх, зохион байгуулалт бүтцийн өөрчлөлт хийхдээ нэг сарын өмнө ажилтны төлөөлөлд мэдэгдэж ажилчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангаж нийгмийн халамж, үйлчилгээний албанд бичгээр мэдэгдэнэ..

2.2. Төрийн захиргааны ажилтны ижил төстэй албан тушаалтны цалин хөлсний жишигийг харгалзан цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг Монгол төгрөгний ханш, инфляцыг харгалзан төрийн байгууллагын шийдвэрийн дагуу тухай бүр шийдвэрлэж байна.

2.3. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчдийн дулааны эрчим хүч, бага оврын цэвэрлэх байгууламж болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангахад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, аваар осолгүй, үр ашигтай ажиллаж байгаа хамт олон, механик, засварчин,машинист нарын ажлыг дүгнэж, шагнаж урамшуулна.

2.4. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд захиргаа нь өндөржүүлсэн байдал тогтоож болно.

2.5. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсрах буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэн ажилласан бол үндсэн цалингийн 40 хүртэл хувиар  тооцож нэмэгдэл хөлс олгоно.

2.6. Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно. Үүнд: Зөвлөх инженер-20%, Мэргэшсэн инженер-15%, ажилтанд мэргэшил, зэргийн  10 хүртэл хувь

2.7. Баяр ёслол, нийтээр амрах өдөр илүү цаг болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно.

2.8. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг, бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж байгаа ажилтанд ур чадварын нэмэгдэл хөлс олгож болох бөгөөд энэ нь албан тушаалын болон тарифт цалингийн 30 хувиас хэтрэхгүй байна.

2.9. Ажилтнуудын албан тушаалын цалинг хийсэн ажлын үр дүн, сахилга хариуцлагатай нь уялдуулан  нэмэгдүүлэх, бууруулах зарчим баримтлана.

2.10. Цаг үеийн нөхцөл байдал, зайлшгүй шаардлагаар ажил, үйлчилгээ үзүүлсэн иргэнд гэрээ, журмын дагуу ажлын хөлсийг олгоно.

2.11. Байгууллагын санхүүгийн нөөц боломжоос шалтгаалан ажилчдад шөнийн нэмэгдэл олгож болно. Нэмэгдэл нь үндсэн цалингийн 20 хувь хүртэл байна.

2.12. Ажилтны хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн 10,25 –нд бодож олгоно.

2.13. Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө.

2.14. Ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг 2 цагаар хорогдуулж болно.

ГУРАВ. ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙ, ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР

3.1.  Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг бизнес төлөвлөгөөнд заасан хөрөнгийн хэмжээнд зохион байгуулна.

3.2. Байгууллагын буруугаас болж гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас өвчлөлд өртсөн ажилтны анхны эмчилгээ, сувилгааны зардлыг захиргаа хариуцна.

3.3. Ажилтан нарын ажлын байрны нөхцөлд тохирсон хөдөлмөр хамгааллын нөхцөлийг сайжруулах арга хэмжээг бизнес төлөвлөгөөнд тусгасан хөрөнгийн хэмжээнд зохион байгуулна.

3.4. Ажилтан нарын ажлын байрны нөхцөлд тохирсон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр батлагдсан хуваарийн дагуу хангана.

3.5. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдыг хор саармагжуулах бодисоор хангана. Гараа буюу ээлжийн хүн тус бүрт хоол 4000 төгрөг, унааны хөнгөлөлт 1000 төгрөг нийт 5000 төгрөг, өдрийн хэвийн найман цагийн ажилтай, ажилтан нарт хоолны мөнгө 2000, унааны хөнгөлөлт 1000 төгрөг нийт 3000 төгрөг, дулаан үйлдвэрлэлийн орчинд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан нарт 2000 төгрөгийн  хор саармагжуулах бодис  олгоно.

3.6. Мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтан ажил үүрэг гүйцэтгэхгүй байх эрхтэй.

3.7. Жилд нэг удаа нийт ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

ДӨРӨВ. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ, НИЙГМИЙН АСУУДАЛ

4.1. Байгууллагын ажилтнуудын 7 хоногийн ажлын цаг 40 өдрийн ажлын үргэлжлэл 8 цаг байна. Ээлжийн ажилтнууд батлагдсан хуваарийн дагуу  ажиллана. Ажлын онцгой  журам тогтоосноос бусад нөхцөлд зайлшгүй ажлын шаардлагаар өдөрт 2 цагаас хэтрэхгүй илүү цагаар ажиллаж болох ба ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт 12 цагаас багагүй байна.

4.2. Ажилтны төрсөн эцэг эх, эхнэр, нөхөр, хүүхэд нар нас барж уй гашуудал тохиолдоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тусламжийг үзүүлнэ.

4.3. Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудад эмчилгээ, сувилгаа хийлгэсэн зардлын баримт материалыг үндэслэн жилд 1 удаа 100.000 төгрөг хүртэл буцалтгүй тусламж үзүүлнэ.

4.4. Тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарвал нэг удаа тухайн ажилтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгоно.

4.5. Тус байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрээ тогтоолгосон өндөр настан үргэлжлүүлэн ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдвөл тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан  3-н жил тутамд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгоно. /Жишээ нь: 3 жил ажиллавал 1 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгоно/

4.6. Жирэмсэн эмэгтэйчүүд төрөхийн өмнө ба төрсний дараах хугацаанд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож байгаа тэтгэлэгт хамрагдана.

4.7. Ажилтан зуурдаар болон өвчний улмаас нас барсан тохиолдолд ар гэрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буцалтгүй тусламж үзүүлнэ.

4.8. Ажилтан ажил  үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан тохиолдолд оршуулгын зардлыг ажил олгогч байгууллага хариуцна.

4.9. Тус байгууллагын өндөр настан нас барсан тохиолдолд ар гэрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буцалтгүй тусламж олгоно.

4.10. Ажилчдын дунд урлаг, спорт, уламжлалт зан үйл тэмдэглэх уулзалт семинар, сургалтын арга хэмжээг зохион байгуулахад гарах зардлыг бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зарцуулна.

4.11. Ахмад настнуудыг цагаан сар, ахмадын баярын өдрийг  тохиолдуулан жилд 2 удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн хүн тус бүрт 50000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ. / Тус байгууллагад ажиллаж байгаа ахмадууд нэгэн адил хамаарна /

4.12. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон ажилтныг 9 сар ажиллуулсны дараа ээлжийн амралт олгоно. Хоёр амралтын хоорондох хугацаа 6 сараас багагүй байна.

4.13. Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан, ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг олгоно.

6-10 жил ажлын 5 өдөр

11-15 жил ажлын 7 өдөр

16-20 жил ажлын 12 өдөр

26-31 жил ажлын 15 өдөр

32 дээш жил ажлын 18 өдөр

4.14. Өвөлжилтийн бэлтгэл ажил, ажлын их ачаалалтай цаг, улирлуудад хөдөлмөрийн зөв зохион байгуулалт хийж, үүрэгт ажилдаа амжилт гаргасан ажилтан, ажиллагсдыг жилд нэг удаа тойрон аялалд явах зардлыг тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

4.15. Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдож ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

4.16. Халаалтын улиралд үйлдвэрлэлийн ажилтнуудын үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгийн болон шөнийн нэмэгдэл, урамшуулал олгож болно.

4.17. Гэр хороололд амьдардаг амжиргааны түвшин доогуур ажилтанд  өвлийн улиралд нүүрс, түлээний хөнгөлөлт  үзүүлнэ.

4.18. Өөрийн гэр, орон байргүй тухайн байгууллагад 5 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа  болон өрх толгойлсон эмэгтэй ажилтанд гэр байртай болоход зориулж  байгууллагаас 0-5.000.000 хүртэл төгрөгний тусламж үзүүлнэ.

4.19.Ажилтны удаан жил ажилласан удаан жилийн нэмэгдлийг тус байгууллагад хоёроос дээш жил ажилласан шалгуураар нийгмийн даатгалын дэвтэрт бүртгэгдсэн татвар төлсөн жилийг үндэслэн жилд 1 удаа жилийн нэмэгдлийг доор дурдсан ажилласан жилээр олгоно.

2-4 жил 15%

4-7 жил 20%

7-10 жил 25%

10-15 жил 30%

15 дээш жил 35%

4.20. Салбарын тэргүүний ажилтанд сар бүр 10.000 төгрөг, гавьяат ажилтан, төрийн шагналтанд 25.000 төгрөг, хөдөлмөрийн баатарт 30.000 төгрөгийн урамшууллыг сар бүр олгоно.

4.21. Салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байгаа ажилтанд 50.000 төгрөг, Төр засгийн одон медаль хүртэж байгаа ажилтанд 150.000 төгрөгийн дагалдах урамшууллыг байгууллагын захиргаанаас олгоно.

4.22. Эрчим хүчний салбарын өдөр байгууллагын тэмдэглэлт ойг тохиолдуулан нийт ажилнуудыг шагнаж урамуулах асуудлыг байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

ТАВ. АЖИЛТНЫ МЭДЛЭГ, МЭРГЭЖИЛ, БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

5.1. Захиргаа нь байгууллагын чиг үүргийн хүрээнд сурч,боловсрол мэдлэгээ дээшлүүлж буй ажилтанд сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх, албадын ажилтан, ажиллагсдад мэргэжил эзэмшүүлэх сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулахын зэрэгцээ байгууллагад шаардлагатай мэргэжил эзэмшихэд нь зориулж сургалтын төлбөрийг нэг удаа байгууллага хариуцна.

5.2. Ажилтнуудын мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, техник технологийн дэвшил, шинэ мэдээ мэдээллээр хангахад мэдээллийн цаг гаргах, сургалтын чөлөө олгох, шаардлагатай техник хэрэгсэлээр хангана.

5.3. Ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой суралцагсадын сургалтын зардлыг байгууллага хариуцна.

ЗУРГАА. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮР АШИГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

6.1. Өвлийн их ачааллыг амжилттай давах, техник үйлчилгээ засварыг графикт хугацаанд нь чанартай хийх зэрэг асуудлаар болзолт уралдааныг тодорхой үе шаттай зарлан дүгнэж шагнаж урамшуулна.

6.2. Үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ажил төрлийн холбоотой аж ахуй нэгж, байгууллага, ажилтануудыг шагнаж урамшуулж болно.

6.3. Үндсэн үйлдвэрлэлийн хүрээнд дулааны эрчим хүч, цэвэрлэх байгууламж, орон сууц, ус, нүүрс, цахилгаан, шатахууны зарцуулалтад дотоод тооцоо нэвтрүүлж, шагнал урамшуулалтай холбож дүгнэж ажиллана.

6.4. Зуухны анхны галлагаа эхлэхэд гал тахих уламжлалт зан үйл үйлдэх ба зардалд нь 150.000 мянган төгрөг зарцуулна.

6.5. Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор захиргааны болон удирдах ажилтны жилийн ажлын тайланд үнэлэлт, дүгнэлт өгч үр дүнгийн  шагнал, урамшуулал олгож болно.

ДОЛОО. АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

7.1. Ажилтны төлөөлөл нь ажилтан, ажиллагсадын эрх ашгийг хамгаалах албан ёсны төлөөлөгч байна.

7.2. Ажилтны төлөөлөл хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.

НАЙМ. ЗАХИРГАА, АЖИЛТНЫ ТӨЛӨӨЛЛИЙН ХАРИЛЦАА

8.1. Хоёр тал харилцан ойлголцож хүндэтгэлтэй хандах ба дотоод хэрэгт нь үл оролцох, эрх тэгш байх зарчим баримтлан харилцана.

8.2. Захиргаа нь ажилтны эрх ашиг хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэхдээ хоёр талт харилцааг хөгжүүлэх зорилгоор түр болон төрөлжсөн комисс хамтран байгуулж болно.

ЕС. ХАМТЫН ГЭРЭЭГ ДАГАН МӨРДӨХ

9.1. Аж ахуй нэгжийн харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

9.2. Байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх ба асуудлыг ажилтны төлөөллийг оролцуулж шийдвэрлэнэ.

АРАВ. ХАМТЫН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ

10.1 Гэрээний биелэлтэнд гэрээнд оролцогч талууд хяналт тавьж,  биелэлтийг талууд жилд нэг удаа дүгнэнэ.

10.2. Хамтын гэрээ нийт ажилтнуудад хамаарахаас гадна гэрээний  заалтыг хэрэгжүүлэхэд ажилтан бүр анхаарч хүчин чармайлт гарган идэвхтэй ажиллах үүрэгтэй.

10.3. Хамтын гэрээний заалтыг биелүүлээгүй холбогдох ажилтан  хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

10.4. Гэрээний талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

10.5. Хамтын гэрээнд оролцогч талууд гарын үсэг зурж,  эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй.

Recent Posts

Leave a Comment

Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt